Хорт хавдар гэж юу вэ?

Хорт хавдрын эсрэг

Хүний биеийн бүх л эд эрхтэнд өдөр бүр тодорхой тооны эс хөгширч үхэж байхад төдий тооны эс шинээр “төрж” бий болдог байгалийн зохилдлого бий.

Ямар нэг эрсдэлт хүчин зүйл, шалтгааны улмаас аль нэг эс уг “дүрмээс” гажин  хяналтгүй ургаж эхэлдэг бөгөөд тэрхүү үгэнд “үл орогч” эсийг хорт хавдрын эс гэх буюу бидний нэрлэлдэгээр хорт хадвар гэж нэрлэдэг.

Өдөрт 5000 гаруй эс хорт хавдрын эс болж хувирч байдаг боловч дархлаа хэмээх бидэнд “бурхнаас заяасан” гайхамшигт тогтолцооны үрээр тэрхүү хорт хавдрын эсүүд устаж байдаг билээ.

Хорт хавдар хэмээх өвчин гэнэт  хаа нэгтээгээс үүсдэггүй бөгөөд дээр дурдсан дархлааны тогтолцоо  маш удаан хугацааны турш эсэргүүцэн тэмцэлдэх авч, шалтгаан нөхцөл нь арилхгүй аваас хорт хавдрын эсрэг хүчин мөхөсдөж хавдрын эсүүдэд “дийлдсэнээр”  энэхүү аюулт өвчин бий болдог.

Хорт хавдрын эс нь ойр хавийнхаа эд, эрхтэн эсүүдэд ирж буй бүх тэжээлийг булаан авч зөвхөн өөрсдөө л өсөн томорч дийлдэшгүй болдог. Түүгээр ч үл барам цусны  судас, тунгалагийн судсаар дамжин үүссэн эрхтнээсээ тэртээ алсад ч “хүрэлцэн очиж”  хөнөөлөө учруулах “шидтэй” бөгөөд үүнийг бид үсэрхийлэл гэж ярьдаг.

Тэдний үүссэн эд эрхтний байршил, эсийн хэлбэр зэргээс нь хамаарч тархины, ходоодны, ясны уушигны хавтгай эсийн, уушигны булчирхайлаг эсийн гаралтай хавдар гэхчилэн нэрлэнэ.

Хорт хавдрын эс томрон томорч бусад эрхтнийхээ тэжээлийг ховх сорж, амин эрхтүүнэд байршсаны улмаас  хүн үхлийн аюултай нүүр тулдаг.

Энэ өвчин дэлхий нийтийн толгойны өвчин болоод байгаа бөгөөд түүнийг эсэргүүцэх эмчилгээний аргууд төрөл бүрээр гарч байгаа авч одоог хүртэл төгс эмчилгээний арга олдоогүй л байна. Гэвч Япон улсын эрдэмтэд Хүний дархлалын эсүүдийг ашиглан хорт хавдрын эсийг устгах,түүнийг эсийн түвшинд эмчлэх вакцин эмчилгээг үйлчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд одоо зөвхөн Япон улсад энэ аргыг ашиглаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлд хорт хавдар нь дэлхийн хэмжээнд нас баралтын хоёр дахь тэргүүлэх шалтгаан болж байна.Монгол улсын эрүүл мэндийн салбарт ч энэ асуудал анхаарал татахуйц байгаа бөгөөд бид  ходоодны болон элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг.

Энэ аюулт өвчнөөс сэргийлэх талаар мэдлэгтэй байхын тулд юунаас болж үүсдэг вэ гэдгийг мэдэх нь чухал аливаа асуудлын шалтгааныг тогтоохгүйгээр бүрэн шийднэ гэж байхгүй билээ.