Хорт хавдар ийм зүйлээс шалтгаалдаг

Хорт хавдрын эсрэг

Аливаа өвчин бүр үүсэх өөрийн шалтгаан, нөхцөл, нөлөөлөх сөрөг хүчин зүйлтэй байдаг. Хорт хавдар ч гэсэн  үүсэх шалтаг, шалтгаантай. Энэ аюулт өвчний үүсэх шалтгааныг ерөнхийд нь  Удамшлын  шалтгаантай, вирусээс үүссэн, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас шалтгаалсан хэмээн 3 хувааж болно.

Удамшил

Хорт хавдар бол Дауны өвчин зэрэг шиг удамшлын өвчин биш. Өөрөөр хэлбэл  хорт хавдартай эмэгтэй болгоноос төрсөн хүүхэд бүр хорт хавдартай төрнө гэсэн үг биш. Харин удамшил нь хорт хавдар үүсгэж болох эрсдлийн нэг юм.

Тухайлбал хөхний хорт  хавдрыг удамшлын шалтгаантай гэж үзэж байгаа. Төрүүлсэн ээж, эгч тань  хөхний хавдраар өвдсөн бол та өөрийгөө  өвдөх эрсдэл өндөртэйд тооцон урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдах  шаардлагатай. Үзлэгт хамрагдах боломжгүй бол өөрөө хөхөө сар бүр тэмтэрч шалган сэжигтэй шинжүүд илэрч гэмээнэ эмнэлэгт хандаж, хорт хавдрыг эрт үед илрүүлэх нь танд тустай.

Вирус:

Хорт хавдар болгон халдварт өвчин мэт вирус, нянгаар үүсэхгүй. Харин вирус нь  хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог. Тухайлбал, умайн хүзүүний хавдар (хүний папиллом вирус), элэгний хавдар (хепатитын В ба С вирус), цагаан эсийн хавдар, тунгалгийн булчирхайн хавдар, хамар залгиурын хавдар (Эпштейн Барийн вирус) зэрэг нь вирусийн шалтгаантай.

Амьдралын хэвшил, хорт зуршил

Хорт хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлст өртөх нь хавдраар өвчлөх магадлал өндөр гэсэн үг юм. Хорт хавдар үүсэхэд нэг ба түүнээс олон эрсдэлт хүчин зүйл нөлөөлж болох боловч, хавдраар өвчлөх нь тухайн хүний дархлааны чадвараас хамаарна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хорт хавдраар нас барагсдын гурван хүн тутмын нэг нь жингийн илүүдэл, жимс хүнсний ногооны хэрэглээ бага, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ зэрэг зан үйлийн буюу амьдралын буруу хэв маяг зэрэг голлох 5 шалтгаанаас болсныг тотоожээ. Ялангуяа тамхины хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдлийн хамгийн голлох хүчин зүйл бөгөөд хорт хавдрын нас баралтын шалтгааны ойролцоогоор 22% -ийг эзэлж байна. Дээрхи тэргүүлж буй 5 шалтгаан бол хувь хүний өөрийн амьдрах дадал зуршил, өөрийн эрүүл мэндэд хандах хандлагаас шууд хамаарч  болохуйц шалтгаан байгааг бодоорой. Энэ нь  хорт хавдраар өвдөхгүй байх, түүнээс сэргийлэх боломж  ердөө л таны гарт байна гэсэн үг. Өөрөө л хичээвэл бүх зүйл боломжтой.