Томууны талаар та юу мэдэх вэ?

Томуу нь вирүсээр үүсгэгддэг хүнд халдвар юм. Ялангуяа бага насны хүүхэд, ахмад настнуудад хүндрэл, нас баралт өндөр байдаг.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар томуу, томуу төст өвчин нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус тус ихэссэн байна.  Нийт өвчлөгсдийн 40.1 хувийг 0-1 нас, 30.6 хувийг 2-4 нас, 14.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна.

Томуугийн вирүс маш амархан халддаг. Халдвар дамжих хамгийн түгээмэл зам  нь  агаар – дусал. Өөрөөр хэлбэл халдвар авсан хүн ханиах, найтаах, ярихад вирүс шүлс, салс, цэрээр вирус цацагдана. Ингэж цацагдсанаар өвчтний эргэн тойронд вирүсээр дээд зэргээр бохирдсон агаарын тоосонцорын хэсгүүд халдвартай бүс бий болдог. Орчны агаар чийглэг, цэвэр байхад вирус агуулсан тоосонцорууд түргэн доош бууна. Харин өрөө тасалгааны агаар хуурай, тоосжилт их бохир байвал вирус агуулсан тоосонцорууд агаарт илүү удаан хугацаанд тогтож олон хүнийг халдварлуулж, өвчлүүлнэ.   

Томуугийн   үед   олонтой тохиолддог нэг шинж бол толгой өвдөх, толгой эргэх, нойр муудах буюу унтамхай болох зэрэг шинж илэрдэг. Томуу өвчний хордлого нь огиж бөөлжих, шингэнээр суулгах, хэвлийгээр өвдөх, хоолонд дургүй болох зэрэг хоол боловсруулах эрхтний хямралын хам шинжээр илрэхийн зэрэгцээ биеийн халуун гэнэт ихэсч, ухаан алдах буюу таталдах, бөөлжих зэрэг мэдрэл хордлогын шинжээр илэрнэ. Мөн халуурах, ханиалгах, булчин шархирах, ядрах, хамар битүүрэх зэрэг шинж гарна.

Томуу төст өвчин гэдэг нь шинж тэмдэг нь томуутай ижил байдаг боловч өвчний явц нь  томуугийнхаас бага зэрэг ялгаатай байдаг. .Хэрхэн ялгах талаар доорхи хүснэгтээс мэдэж аваарай.

Шинж тэмдэг Томуу Томуу төст өвчин
Өвчний эхлэл нус гоожих, хоолой хөндүүрлэх шинж Огцом, хурц эхэлнэ Аажим эхэлнэ
Халууралт Хурц, огцом өндөр халуурна. Аажим халуурна
Хоолой Хоолой хуурай, улайлт ихтэй. Ханиалга их. Бага зэргийн улайлттай.

ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Аливаа өвчний үед эм хэрэглэх шийдвэр гаргах нь шинж тэмдэг, үзлэгийн дүн, өвчний явц зэрэг маш олон зүйлээс хамааралтай. Зөвхөн шинж тэмдгээр эмчлэх нь өвчнийг дутуу эмчлэх цаашдаа архагших, элдэв хүндрэл үүсгэх аюултай байдаг. Иймээс томуугийн халдварын үед эм хэрэглэхээс аль болох татгалз. 
  • Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар хооллож дархлааг нь дэмжих нь чухал.
  • Өдөрт уух шингэний хэмжээг нэмэгдүүлнэ. Орон гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, өрөөний агаарыг цэвэршүүлэх хэрэгтэй. Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, зайлшгүй гадагш гарах тохиолдолд дулаан хувцаслах, өвчин хүндэрч байгаа санагдсан тохиолдолд дахин эмнэлгийн байгууллагад хандаарай.  
  • Зарим хүүхэд ханиад нь маш хялбархан хүндэрч хатгаа болдог. Та үүнд санаа зовж байвал сорилын тусламжтайгаар өөрөө үнэлж болно. Үр дүн нь сэжигтэй гарвал эмнэлэгт хандаарай.

Томуу өвний талаар эмчтэй хийсэн шууд ярилцлагыг үзээрэй.