Чих өвдөх буюу дунд чихний үрэвсэл

Чихний өвчлөлийн улмаас эмнэлэгт хандан үзүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь дунд чихний үрэвсэлтэй байдаг. Бага насны хүүхэд, ялангуяа 0-3 насныхны дунд 80 орчим хувьд нь тохиолдоно. 

Юуны өмнө аав ээж нар бяцхан үрсийн тань чихний бүтэц, үйл ажиллагаа насанд хүрэгсдээс ямар ялгаатай талаар мэдэх нь халдвар хэрхэн дамжин хүүхдийн чихийг өвчлүүлдэг, хэрхэн сэргийлэх, эмчлэх талаар ойлголттой болгоно.

Хамар болон амны хөндийгөөс халдварт хэрхэн чихэнд халдварладаг талаар мэдье.

Чихнийг сайн гэрэлтүүлэгтэй үед бид хүүхдийн чихийг харж хулхитай байна алга байна гэхчилэн хэлдэг. Энэ нь бид чихний гадна хэсгийг л харж байгаа хэрэг юм. Хэнгэрэг гэх зүйл хүртэл хэсгийг гадна чих гэж нэрлэдэг. Үүнийг мэргэжлийн эмч гэрэл, тусгай толины тусламжтай хардаг.

Хэнгэрэгээс цааш хэсгийг дунд чих гэх ба энд дотор чих байрлана. Олон удаа дунд чихний үрэвслээр өвдсөн, удаан хугацаанд эмчлээгүй тохиолдолд хэнгэрэг цоордог. Энэ нь цаашид халдвар орж үрэвсэх ба эмчлэхгүй бол сонсгол буурахад хүргэдэг. Ам, хамраас халдвар чихний хэнгэрэгийн даралтыг зохицуулах үүрэг бүхий сонсголийн гуурс /Эвстахийн хоолой  гэж нэрлэдэг/-аар дамжин орж дунд чихний хөндийг үрэвсүүлдэг.

Хүүхдийн сонсголын гуурс насанд хүрэгчдийнхээс өргөн, богино хөндлөн байрладаг. Мөн зөөлөн эд, цусны судсаар баялаг байдаг. Ийм учраас хоолой залгиур болон хамар, аманд байгаа нян хялбархан дунд чих рүү дамжин орох боломжтой. Дунд чихэнд орсон нян үрэвсэл үүсгэж хавагнуулснаар гуурс нарийсч битүүрэн, агаар чөлөөтэй орж гарах боломжгүй болно. Үүссэн үрэвслээс үүссэн шингэн гадагшлахад саадтай болж дунд чихний хөндийд саатна. Хөндийн багтаамж бага мөн агаарын чөлөөтэй урсгалын дунд чихнээс ялгарах шингэн зайлуулагдаж чаддаггүй үрэвсэж хүүхдийн чих өвддөг байна.

 

Дунд чих үрэвсэх шалтгаан:

Хүүхдийг буруу хөхүүлэх,

Хүүхдийг хөхүүлж байх явцад ээж анхаарал сарниулан бусадтай ярилцсанаас хүүхэд сүүндээ хахаж, цацах,

Хэт халуунд байх эсвэл хэт бэгнэснээс хамар битүүрэх,

Ханиад томуугаар өвдөх,

Зарим төрлийн халдварт өвчнүүд туссанаас өвдөж болно.

Чих өвдсөн байж болон шинжүүд: 

  • Хүүхдийн хамар битүү байх нь доорхи шинжүүд гарах үндсэн нөхцөл болдог.
  •  Хүүхэд тайван биш, тавгүй байна, 
  •  Уйлна. Гэнэт уйлна. Ялангуяа хөхөө хөхөж байх үедээ часхийж уйлна,
  • Толгойгоо хоёр тийш шөргөөнө,
  • Хэвтэхийг хүсэхгүй,
  • Чихээ маажина,
  • Чихнээс шингэн гарах.

Авах арга хэмжээ:

Юуны түрүүнд эмчид үзүүлж дунд чих үрэвссэнийг батлах нь чухал. Эмчид очих хүртэл хүүхдээ аль болох тайван, уйлуулахгүй байх. 37.5С халуурах болон хүүхэд өвдөлт ихтэй, тайван биш үед хүүхдэд зориулсан, таны хүүхдэд таардаг өвчин намдаах буюу халуун бууруулах лаа эм, хэрэглэж болно. Хамрыг нь цэвэрлэж нээлттэй байлгаж, амьсгалыг чөлөөтэй байлгах нь чухал. Эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийж, эдгэрсэн эсэхийг магадлах нь чухал. Хамгийн гол 3 зүйл бол зөвлөгөө дагах, эмчийн зөвлөсөн эмчилгээг даган бүрэн гүйцэд хийх, бүрэн эдгэрсэн эсэхийг магадлах юм.Чихнээс булаг гарч байгаа нөхцөлд гадна талаас нь зөвхөн хуурай цэвэрлэгээ хийнэ. Ямар нэгэн эм дураар хэрэглэх нь хэрэггүй.

Дунд чихний үрэвслийн талаар эмчийн хийсэн LIVE-ийг үзээрэй