Томуу вирусын гаралтай өвчин

Жил бүр хүйтний улиралтай холбогдон манай улсад  болдог “толгойны өвчний” нэг нь  ханиад, томууны дэгдэлт.

Хүн бүр шахуу “өөрөө өөртөө оточ” болж ханиадыг дур мэдэн эмчилж, олон хоног антибитик, ийм тийм эм уулаа, нэмэргүй байна. Эсвэл ингээрэй тэгээрэй гэж бие биедээ зөвлөх нь олонтаа. Гэвч аливаа өвчин учир шалтгааныг нь олж, шинж тэмдэг, өвчний явц зэрэг олон зүйлийг уялдуулж эмчлэхгүй бол хүндрэх, архагших зэрэг сөрөг үр дагавар бий болно.

Томуу гэж юу вэ?

Инфлуэнза хэмээх нэртэй вирусаар үүсгэгдэх халдварыг томуу, харин энэхүү вирусээс бусад вирусээр үүсгэгдсэн халдвар нь томуутай төстэй шинж тэмдэг илэрдэг учраас томуу төст өвчин буюу ханиад шуухниа гэж нэрлэдэг.

Томуугийн вирус нь А, В, С хүрээний гэх 3 төрөл байдаг 

Influenzavirus A

Influenzavirus B

Influenzavirus C

Уг 3 төрлийн вирус нь өөр өөрийн онцлог, хорт чанараасаа хамаарч бие өөр өөр шинж тэмдэгээр илэрдэг түүнийг дагаад эмчилгээний хэлбэр ч өөр байдаг.

Энэ өвлийн хувьд А төрлийн вирусын халдвар давамгайлж байгаа холбогдох байгууллагуудын судалгаагаар тогтоогоод байна.

А хэв шинжийн вирусээр халдварласан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Хүнд явцтай,
  • толгой нь өвдөж, өндөр халуурна. Бага насны хүүхдүүд өндөр халууралтын улмаас таталт өгч болно.
  • Хүүхдийн наснаас хамаарч 2 хүртэлх насны хүүхдүүд цэр ихтэй ханиалгаж байгаа бол 5 хүртэлх насныхан ларингит өгөх нь элбэг байна.  Мөн маш богино хугацаанд хатгалгаа болж байна. Иймээс хүүхэддээ анхаарал сайн тавьж, биеийн байдал дордож байгаа бол эмчид яаралтай хандах хэрэгтэй.
  • Хордлогын улмаас  хоолонд дургүй, бөөлжиж, ядарч сульдан, тамиргүй болно.
  • Настай хүмүүст хууч барьж сэдрээнэ. Үе мөч бадайрч өвдөх, яс булчингаар янгинаж өвдөнө. Зүрх, бөөр өвддөг бол өвдөж, сэдэрч болно.

Эмчилгээ сувилгаа

  • Томуу, томуу төст өвчний эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өдөрт хэрэглэх шингэний хэрэгцээг нэмэгдүүлэн, даарч, хөрөхгүй, сайн унтаж амрах нь өвчин богино хугацаанд түргэн эдгэрэх нөхцөл болдог. Уух шингэн нь цай, ус, жимсний шүүс зэргийн аль нь ч байж болно. Харин газтай ундаа, архи, согтууруулах ундаа зэргийг тооцохгүйг анхаараарай.
  • Сайн унтаж амрах нь биеийн дархлааг дэмжин таны бие махбодь томууг амархан давах болно.  
  • Хүүхдийн хувцасыг тохируулан өмсүүл. Хэт бэгнэх шаардлагагүй. Даавуун агаарын солилцол сайн явагдах даавуун нимгэн хувцас өмсүүл.
  • Хүүхэд бүлээрч байвал хүүхдийн толгойг хүйтэн усаар норгох, хүйтэн жин тавих арга хэмжээг ав. Дээрхи арга нь хүүхдэд заавал эм уулгаж хордуулахгүйгээр халуун бууруулах хамгийн энгийн арга юм. 
  • Хүүхдэд хангалттай хэмжээний шингэнийг бага багаар өгч уулгана. Хүүхдийн дуртай хоол, жимс, жимсгэнийг дураар нь өг. Харин хүүхдийн идэх дуртай, шинэхэн бэлтгэсэн хоолыг бага багаар идүүлэх нь бөөлжилтөөс сэргийлж, биеийн тамир сэргэхэд тустай.
  • Хүүхдийн орчинд ухаалаг технологийн хэрэглээг бууруул. Энэ нь хүүхэд унтаж амрахад тустай. Хүүхдийн бие хямарсан үед ТВ, гар утас зэргээр саатуулах нь хүүхдийн тархийг цочроон ядрааж, дархлааг бууруулан, өвчнийг хүндрүүлнэ. Хүүхдийг намуун, чимээгүй орчинд байлгах нь хүүхэд тайвширч, унтаж амран, бие сэргэх нь хурдан байдаг.
  • Орон гэртээ чийгтэй цэвэрлэгээ хий. Энэ нь агаарт байгаа томуугийн вирусыг устган, хүний амьсгалах агаарыг цэвэршүүлэн, чийгшүүлж өгөх давуу талтай. Боломжтой бол агаар цэвэршүүлэгч хэрэглэ.
  • Хүүхэд өвдсөн бол хүүхдийн халууныг заавал хэмжиж үзнэ. Хүүхдийн халуун 38.5 хэмээс дээш болсон бол хүүхдэд таарах тунгаар халуун бууруулах эмийг өгнө. Халуун бууруулах эмээс гадна дээрхи зөвлөгөөг дагах нь хүүхдийн халуун буурах, биеийн байдал сайжрахад хамгийн чухал гэдгийг санаарай.
  • Дур мэдэж антибиотик бүү хэрэглэ. Учир нь томуу вирусээр үүсгэгддэг тул ямар ч нөлөөгүй. Эмчид үзүүлж, эмчийн зөвлөсөн эмийг заасан тун, цаг, хоногоор нь мөрдөж өг. 
  • Аливаа өвчний үед эмийн эмчилгээнээс илүү асаргаа, сувилгаа илүү чухал юм шүү.
  • Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлээрэй!